Шатахууны детонаци эсэргүүцэх чадварыг октан тоогоор илэрхийлнэ. А-80 гэсэн шатахууны марк дээрх 80 гэсэн тоо нь тухайн шатахууны моторын аргаар тодорхойлсон октан тоог заана. Аи-92 гэсэн шатахууны марк дээрх 92 гэсэн тоо нь тухайн шатахууны октан тоог заах ба “и” үсэг нь шинжилгээний аргаар тодорхойлсныг заана. Детонац \тэсрэлт\ гэдэг нь цилиндрт очлуураар оч өгсөний дараа ажлын холимогийн зарим хэсэг маш хурдтайгаар шатаж, даралт маш огцом өсөх процессийг хэлдэг. Хөдөлгүүрт детонаци үүсэх нь цилиндрт металлын цохилт гарч, хөдөлгүүр чичрэх, доголдох, цилиндрийн толгой халах, мөн яндангаар их утаа гарч хөдөлгүүрийн чадал багасах зэрэг сөрөг нөлөөллийг үзүүлдэг байна.
Шатахууны октан тоог нэмэгдүүлэхийн тулд чанар сайжруулагч нэмэлт бодис нэмдэг. Үүний нэг нь 4 этилт хар тугалга юм. Энэ нь хүний бие, байгаль орчин, амьтан ургамалд хортой нөлөөлөл үзүүлдэг тул шатахуунд хэрэглэхээ больж байгаа бөгөөд сүүлийн үед ашиглахыг хориглосон.