Моторын дотор эд ангийн гадаргууг тасралтгүй тослох болон халалтыг шингээх зорилготой явагддаг үйл явцыг тосолгооны систем гэдэг байна. Тос агуулах сав буюу кастераас тосны насос тосыг сорж суваг болон гуурсаар дамжуулан тосыг шаардлагатай хэсгүүд рүү шахдаг. Шахагдсан тос буцахдаа радиотороор дамжин хөрж кастерт дахин ирдэг. Тосыг шүүж байдаг шүүрийг тос солих болгондоо сольдог.
Энгийн минерал тос 5,000-6,000 км, хагас синетик тос 8,000-10,000 км, бүтэн синетик тос 10,000-15,000 км явахад тослох чанараа алдаж эхэлдэг. Мөн Монгол орны эрс тэс уур амьсгалын нөлөөнөөс болж 1 жилд 2 ба түүнээс дээш удаа тосоо солиулах шаардлагатай болдог.
- Хэрвээ таны машин хүч муу авч байвал шупээ татаад бохирдлыг нь нэг үзээрэй. Харласан, гартаа эмэрч үзэхэд тослог байдал алдагдсан байвал солих цаг нь болсныг илтгэнэ.
- Хэзээ хэдэн километрт солиулснаа мартчихдаг учир сервер үйлчилгээнд орсон дэвтрээ байнга бөглүүлж хэзээ ямар тос хийлгэсэн, дараа хэзээ солиулах ёстойгоо мэдэх боломжтой болно.
- Хугацаа нь болоод солих бол та мэргэжлийн газар л хандаж солиулахыг зөвлөе.
- Хөдөлгүүрийн тос болон маслын шүүрийг солилгүй удаасны улмаас тос дамжуулах сувгууд битүүрч, маслын насос элэгдэж муудснаар тосны даралт унах цаашлаад тослогоо дутсан хөдөлгүүр маань маш их хэмжээний элэгдэлд ордог тул жолооч та цаг тухайд нь хөдөлгүүрийн тосоо сольж байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: www.cardoctor.mn