Жолооч та аялал зугаалгаар явахаар бэлтгэж байна уу? Тэгвэл дараахь зөвлөгөөг анхааралдаа аваарай!
- Явах эд анги
Та аялалд гарахаасаа өмнө шороон замаар яваад үзүүрэй. Ингэж явахад ямар нэг зүйл дуугарч байвал заавал засварын газар очиж оношлуулах шаардлагатай. Амортизатор, тэнцүүлэгч, өндгөн тулгуур, рулийн шарнерууд зэргийг шалгаж солиулах шаардлагатай.
- Дугуй
Дугуйн хийх даралт, дугуйн бөөрөн хэсэгт үүссэн хаван зэргийг шалгах шаардлагатай. Өвлийн дугуйгаа хараахан сольж амжаагүй бол солих шаардлагатай. Учир нь өвлийн дугай зөөлөн байдаг учир бартаа ихтэй зам дээр хүнд ачаатай явснаас үүдэн хаван үүсэх, хагарах, хэт халуунаас болж буудах зэрэг асуудал гарах магадлал их байдаг тул гадна тал нь хурдан элэгдэлт үүсдэг байна. Нөөц дугуйн байдлыг шалгах, хийх даралт нь хэвийн эсэхийг шалгах. Нөөц дугуй нь удаан хугацаанд хэрэглэгдэхгүй байснаас хий алдагдаж байдаг.
- Хөдөлгүүрийн тос
Авто машин үйлдвэрлэгчид моторын тосыг 5,000 км тутамд солих шаардлагатай гэж үздэг байна. Харин Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд хавар, намартаа солих шаардлагатай болдог. Таны машины хөдөлгүүрийн тос дундарсан үед аян замд гарахаасаа өмнө тосоо нэмэх эсвэл ижил төрлийн 1-2 л авч явж байхыг зөвлөж байна.
- Хөргөх шингэн
Хөдөлгүүрийг асаагаагүй хүйтэн үед шалгах шаардлагатай. Хэрэв дундарсан бол нэмж хийгээд бага хэмжээгээр нөөцөндөө авахад илүүдэхгүй. Мөн радиаторын салхи орох хэсэгт ялаа шумуул орж хэвийн ажиллагааг алдагдуулахаас өмнө урд хэсэгтээ нарийн ширхэгтэй тор хийгээрэй. Энэ нь радиаторын салхи орох зай битүүрч хөдөлгүүр хэт халахаас хамгаалахад тусална.
- Агаар шүүгч
Агаар шүүгчийн бохирдлыг шалгах, шил арчигч болон шил арчигчийн шингэнийг шалгах. Шаардлагатай тохиолдолд аян замд гарахаасаа өмнө солих, даралттай хийгээр үлээлгэн цэвэрлэх, нэмэлт шил арчигч шингэн авах.
- Гэрэл
Хөдөө орон нутгаар аялаж байхад шөнө оройгоор нэлээдгүй хугацаанд явах шаардлага гардаг. Энэ үед хол, ойрын гэрэл муу тусгалтай, эвдэрсэн, тусгалын тохиргоогүй байх нь замын саад огцом эргэлт зэргийг урьдчилан харах боломжийг багасгас, эрсдэл үүсгэж байдаг. Иймд аялалд гарахаасаа өмнө хол, ойрын гэрлээ заавал шалгуулж байгаарай.
- Машины ачаа
Автомашин үйлдвэрлэгчид машиныг анх үйлдвэрлэхдээ өөрийн гэсэн даацыг нь тодорхойлсон байдаг. Энэхүү даацын тэмдэглэл нь жолооч талын хаалган дээр юмуу хаалганы хажуу талд байдаг. Энэ тэмдэглэгээн дээр машины стандарт дугуйны хэмжээ, ачаатай болон ачаагүй үеийн дугуйн даралтын хэмжээ, даацын хэмжээг заасан байдаг. Үйлдвэрээс заасан энэ заалтыг хэтрүүлбэл явах эд ангид нөлөөлөхөөс гадна явдал хатуу болж дугуй хагарах, буудах, хавантах эрсдэлтэй байдаг байна. Иймд ачаа ачихдаа өөрийн машинд өгөгдсөн заалтын дагуу ачаа тээшээ баглахыг зөвлөж байна.
БУСАД АВЧ ЯВАХАД ИЛҮҮДЭХГҮЙ ЗҮЙЛС
- Чирэх олс татлага
- Иж бүрэн анхны тусламжийн эмийн сан
- Бензиний зориулалтын сав
- Дугуй хийлэх насос
- Дугуйн хийн даралт хэмжигч
- Багаж түлхүүр, зүлгүүр
- Металл гагнагч шаваас, скоч буюу наалддаг тууз
- Дугуй задлах лопатка, нөхөөс
- Таарах гал хамгаалагч, зэс утас, шалгах гэрэл
- Төрөл бүрийн эрэг боолт, шайб
- Дугуйд ивэх болон данхраадны доор ивэх талбай ихтэй ивээс мод.
- Говийн замд явахдаа нимгэн бүтээлэг авч явбал элсэн шуурганд автомашины шил болон гадна талын будаг лак цоохортож гэмтэхээс хамгаална.
Эх сурвалж: www.cardoctor.mn